• 88676707
  • tseel_sum@yahoo.com
Баянхангай Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122,4 км хатуу хучилттай авто замын ажил албан ёсоор эхэлж нээлтээ хийлээ.

Төв аймаг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг тойрон хүрээлдэг, Хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг аймгийн хувьд хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахад голлох үүрэг гүйцэтгэдэг. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих “Нутгийн зам” төслийн хүрээнд өнөөдөр Баянхангай, Угтаалцайдам, Цээл, Заамар сумдын чиглэлд 122.4 км хатуу хучилттай автозамын шав тавьж, барилгын ажлыг эхлүүллээ. Шав тавих арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон сумдын удирдлагууд, иргэдийн төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцлоо. Энэхүү зам нь хөдөлгөөний 2 зурвастай 13 метрийн өргөн далан, 7 метрийн өргөн зорчих хэсэг, төв суурин газартаа явган хүний зам, гэрэлтүүлэг бүхий тохижилттой баригдахаар төлөвлөгдсөн бөгөөд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх 2025 онд ашиглалтад орох юм.

Өнөөдөр хатуу хучилттай авто зам барихаар шав тавьж буй Баянхангай, Угтаалцайдам, Цээл, Заамар сумд нь жилд дунджаар 60 мянган тонн үр тариа, 45 мянган тонн таримал тэжээл, 4 мянган тонн төмс, 5 мянган тонн хүнсний ногоо хураан авч орон нутгийн хэрэгцээнд хэрэглэхээс гадна нийслэл Улаанбаатар хотын иргэд, аж ахуйн нэгжийг эрүүл, эко хүнсний бүтээгдэхүүнээр хангадаг. Мөн жилд дунджаар 22 мянган тонн өвс бэлтгэн иргэд, малчдад нийлүүлдгээрээ онцлогтой.

2022-06-15 00:00:00