Манай сум нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Төв аймгийн Угтаалцайдам сумаас 1976 онд салбарлан бие даасан сум болж Залуучууд САА нэртэйгээр 164.4 хавтгай дөрвөлжин километр талбай бүхий, эргэлтийн 28,0 мянган га талбай, 2 тасаг 8 бригад, хадлангийн 1 бригад, ногооны 1 бригад ........ тооны малтайгаар байгуулагдсан.
Одоо Засаг захиргааны 5 баг, 743 өрхийн 2705 хүн амтай. Хүн амын тоогоор Төв аймгийн 27 сумаас 8-рт, газар нутгийн хэмжээгээр 23-т , хүн амын нягтралаар өндөрт (5,70 хүн/га) сум юм.
БАЙРШИЛ:
Төв аймгийн баруун хойд хэсэгт:
Төв аймгийн Угтаалцайдам /28км/, Заамар /45км/, Жаргалант /50км/, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумтай хиллэдэг.
Газар зүйн онцлог:
Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужийн Туулын дэд мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 4-6 балл.
Эдийн засгийн тэргүүлэх салбар нь ХАА-н газар тариалангийн үйлдвэрлэлийн бүс нутаг. Газар тариалангийн ААН 75, өрхийн тариаланч 34 иргэн нийт 35750 га талбайд тариалалт эрхэлдэг. 2021 онд үр тариа 31 мянга тн, тэжээлийн ургамал 177905тн, хадлан 8365 тн, тосны ургамал 2553,5 тн, хүнсний ногоо 750 тн тус тус хураан авч хураасан ургацаараа “АЙМГИЙН ТЭРГҮҮН” байр эзэсэн амжилтыг үзүүлсэн. 2022 онд үр тариа тариалах зориулалтаар 9000 га талбайд уринш боловсруулалт хийгдсэн. Цаашдаа тариалалтын зээл, дэмжлэгийг шуурхай шийдвэрлэх асуудал хүлээлтийн байдалд орсоноос тариалалтын явц хугацаа алдах эрсдэл өндөр байна.
Мал аж ахуй. Нийт сүрэг 153950 толгой. Тэмээ 104, адуу 10541, үхэр 9829, хонь 78964, ямаа 56583,
Сумын Засаг даргын Тамгын газраас “Малчид, төлчидийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулж нийт 28296 хээлтэгч малаас төлөө хүлээн авахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна.
Сумын Төрийн удирлага,Засаг захиргааны зохион байгуулалтын хувьд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга, 21 тойргоос сонгогдсон 21 төлөөлөгч бүхий нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Засаг даргын Тамгын газар нь Сумын Засаг дарга, Орлогч, Багийн Засаг дарга зэрэг 7 улс төрийн ажилтан, Тамгын газрын дарга, төрийн захиргааны мэргэшсэн мэргэжилтэн 7, үйлчилгээ хариуцсан 5 орон тоо, гэрээт ажилтан 6 бүгд 25 ажиллагсадын бүтэцтэйгээр ажиллаж байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль нь 554 хүүхэд, 30 багш, туслах ажилчин 16 бүрэлдэхүүнтэйгээр сургалтын үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Бага сургуулийг 2021 онд 320 хүүхдийн багтаамжтай шинээр ашиглалтанд оруулсан
Цэцэрлэг нь 1976 онд 150 хүүхдийн багтаамжтай байгууллагдсан бөгөөд өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засвар хийгдсэн. 165 хүүхэд, 12 багш, туслах ажилчин 7 бүрэлдэхүүнтйгээр сургалын үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.
Эрүүл мэндийн төв нь 1977 онд баригдсан бөгөөд Өнөөдрийн байдлаар 12 ортой. Эмч 6, тусгай мэргэжилтэн 6, туслах ажилчин 8, нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй хэвийн ажиллаж байна.
Соёлын төв нь 1980 онд баригдаж өнгөрсөн онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засвар хийгдсэн. Эрхлэгч, номын санч, хөгжмийн болон бүжгийн багш, үйлчлэгч зэрэг 5 хүний бүрэлдэхүүнтэй хэвийн ажиллаж байна.
Сумын төсвийн байгууллагуудын халаалтыг “АНУ-СЕРВИС” –ийн салбар компани 2015 оноос эхлэн гүйцэтгэж байгаа. Сургуулийн бага анги, дотуур байрны барилгад 2021 оноос цэвэр, бохирын шугам тавигдаж ашиглалтанд оруулсан.